API хэрэглэгчид
Хувилбар:
S26|01
Сүүлд шинэчилсэн:
03/02/2026
Та манай API хэрэглэгчдэд тусгайлан хамаарах нөхцөлүүдийг (“API Terms”) эндээс олж мэдэх боломжтой. Энэхүү API Нөхцөл нь Бизнесийн партнеруудад зориулсан Ерөнхий нөхцөл ("Ерөнхий нөхцөл” гэх)-д хамаарах бөгөөд эдгээр API Нөхцөлд ашигласан аливаа тодорхойлсон нэр томъёо нь Ерөнхий нөхцөлд тусгасан утгыг илэрхийлнэ.
1. API хэрэглэгчдийн үүрэг
1.1. Та эдгээр API Нөхцөлүүдийг бүрэн бөгөөд тасралтгүй дагаж мөрдөх тохиолдолд бид танд програм хангамж, вэбсайт, өөрийн бүтээсэн бүтээгдэхүүн эсвэл санал болгож буй үйлчилгээгээ (“Application”) хөгжүүлэх, турших, дэмжих зорилгоор манай API-г ашиглах, мөн өөрийн Application доторх манай API-ийн интеграцийг үйлчлүүлэгчдэдээ ашиглахыг зөвшөөрөх хязгаарлагдмал, онцгой бус, бусдад шилжүүлж болохгүй, эрх залгамжлуулахгүй, цуцалж болох тусгай зөвшөөрлийг олгож байна.
1.2. Та дараах үйлдлүүдийг хийхгүй байх үүрэг хүлээнэ. Үүнд:
1.2.1. Эдгээр API нөхцөлийн хүрээнд олгогдсон аливаа эрхийг дэд лицензээр олгох;
1.2.2. Эдгээр API нөхцөлөөр тодорхой зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд манай API-г ашиглах эсвэл хуулбарлах;
1.2.3. Манай API-г аливаа хууль, журам эсвэл аливаа этгээдийн эрхийг зөрчих зорилгоор ашиглах (үүнд оюуны өмчийн эрх, нууцлалын эрх, хувь хүний эрх зэрэг багтана); эсвэл
1.2.4. Манай API-г эдгээр API нөхцөлтэй зөрчилдөх аливаа байдлаар ашиглах.
1.3. Манай API-д ашиглалтын хязгаарлалт үйлчилдэг бөгөөд энэ нь буруугаар ашиглах эсвэл өөр зориулалтаар ашиглахаас сэргийлэх зорилготой. Ашиглалтын хязгаарлалт нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Хэрэв та тогтмол хязгаараас давж хэрэглэвэл эсхүл үйлчилгээг буруугаар ашиглавал бид таны API-д нэвтрэх эрхийг хаах эрхтэй.
2. Агуулгын хадгалалт
2.1. Манай вэбсайт эсвэл API-аар хандсан аливаа агуулгыг (жишээ нь: feed data) хадгалж авахыг хориглоно.
2.2. Та зөвхөн Аппликейшнд зориулсан хэрэглэгчийн тодорхойлогч (alphanumeric API tokens) болон OAuth tokens-оор олгогдсон баталгаажуулалтын токенийг хадгалж болно.
2.3. Манай вэбсайт эсвэл API-аас олгогдсон аливаа агуулгыг зөвхөн 24 цаг хүртэл кэшлэх боломжтой.
2.4. Хэрэв та бидний харилцаа ямар нэгэн байдлаар дуусгавар болсон тохиолдолд мөн холбогдох хууль эсвэл эрх бүхий байгууллагын зааврыг зөрчихөөс бусад тохиолдолд манай вэбсайт эсвэл API-аас үүссэн эсвэл эхтэй бүх агуулгыг бүр мөсөн устгах ёстой.
3. Эзэмшил
3.1. Бидний өмч
3.1.1. Манай API болон түүнд хамаарах бүх бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэгдэх файл, түүнчлэн бүх төрлийн оюуны өмчийн эрх, өмчлөх эрх, ашиг сонирхол нь зөвхөн бидний өмчлөлд байна. Эдгээр API-н нөхцлөөр олгосон тусгай зөвшөөрлөөс бусад аливаа эрх, өмчлөл, ашиг сонирхлыг танд олгохгүй.
3.1.2. API-г ашигласнаар та манай өмчлөлд хамаарах аливаа оюуны өмчийн эрх, түүний дотор манай арилжааны платформ болон вэбсайттай холбоотой эрх, өмчлөх эрх, өмчлөлтэй ижилтгэсэн сонирхлыг олгохгүй.
3.1.3. Та аливаа үед манай API болон бид эсхүл бидний холбогдох хуулийн этгээдэд өмчлөгдөх эсхүл лицензтэй оюуны өмчийн эрхийг үгүйсгэх эсвэл гуравдагч этгээдэд тэдгээрийг үгүйсгэхэд туслахгүй.
3.1.4. Та бидний хүсэлтээр манай API-ийн эрхийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авахыг хүлээн зөвшөөрнө.
3.1.5. Бид API-дээ үргэлжлүүлэн өөрчлөлт хийж, сайжруулж болох бөгөөд эдгээр өөрчлөлт, сайжруулалтыг бид эзэмших болно гэдгийг та хүлээн зөвшөөрнө.
3.1.6. Та манай API-г ашиглан өөрөө болон өөрийн захиалгаар бий болгосон аливаа өөрчлөлт түүнээс үүссэн бүтээлийн талаарх бүх эрх, өмчлөл, ашиг сонирхлыг API-ийн нөхцөлийг мөрдсөн эсэхээс үл хамааран бидэнд шилжүүлж байна. Ийнхүү шилжүүлэлт нь дээрх өөрчлөлт болон түүнээс үүссэн бүтээл бий болгох үед хүчин төгөлдөр болох бөгөөд зохиогчийн эрхийг багтаасан оюуны өмчийн хуулиудаар хамгаалагдсан бүх эрхийг хамарна.
3.1.7. "Та манай API, түүнчлэн түүнээс үүссэн бүтээл, шинэчлэлтэй холбоотой бидний өмчлөл болон эрхийг гуравдагч этгээдтэй хамтарч ямар нэгэн байдлаар хохирол учруулах, хязгаарлах, эсвэл хуваалцах аливаа үйлдлийг хийхгүй байна.
3.1.8. Манай API эсвэл бизнесийн үйл ажиллагаанаас үүссэн аливаа системийн хэсэг, механик ажиллагаа болон түүнд холбогдох бүх эрх, өмчлөх эрх, ашиг сонирхол, мөн бүх оюуны өмчийн эрхүүд зөвхөн бидэнд хамаарна.
3.2. Таны өмч
3.2.1. Таны Аппликэйшн дээр бид ямар ч өмчлөх эрх шаардахгүй бөгөөд зөвхөн таны Аппликэйшнд манай API ашигласан хүрээнд л хамаарна.
3.2.2. Та бидэнд өөрийн бүх оюуны өмчийн эрхийн дагуу дараах үйлдлүүдийг хийхэд зориулан, төлбөргүй, онцгой эрхгүй, дэлхий даяар хүчинтэй, буцаах боломжгүй эрхийг олгож байна. Үүнд:
3.2.2.1. Бид таны нэр болон логог (Аппликэйшн рүү холбосон байдлаар эсвэл холбохгүйгээр) манай вэбсайт, хэвлэлийн мэдээ болон сурталчилгааны материалд нэмэлт зөвшөөрөл авахгүйгээр нийтэлж ашиглах;
3.2.2.2. Таны Аппликэйшн болон түүний агуулгыг аливаа маркетинг эсвэл танилцуулах зорилгоор ашиглах, ажиллуулах, үзүүлэх;
3.2.2.3. Таны Аппликэйшнийг манай үйлчлүүлэгчид ашиглах боломжтой байх; мөн
3.2.2.4. Манай үйлчлүүлэгчид таны Аппликэйшн рүү холбоосоор холбогдох зэрэг байна.
3.3. Манай API-д өгсөн санал хүсэлт
3.3.1. Манай API-тэй холбоотой санал эсвэл бусад санал хүсэлт (“Хувь нэмэр”)-ээ бидэнд хүргүүлснээр та дараахыг хүлээн зөвшөөрнө:
3.3.1.1. Бид таны Санал хүсэлттэй холбоотойгоор аливаа нууцлалын үүрэг хүлээхгүй;
3.3.1.2. Бид ийм Санал хүсэлтийг аливаа зорилгоор, аливаа арга замаар, дэлхий даяарх аливаа медиа орчинд ашиглах эсвэл нийтлэх (эсвэл ашиглахгүй, нийтлэхгүй байх) эрхтэй байна;
3.3.1.3. Та өөрийн Санал хүсэлтийг бидний хүссэн аливаа арга замаар ашиглах эрхийг буцалтгүй, онцгой эрхтэйгээр бидэнд олгож байна;
3.3.1.4. Та аливаа нөхцөл байдалд биднээс ямар нэгэн нөхөн төлбөр эсвэл буцаан олголт шаардах эрхгүй.
3.4. API-ийн сайжруулалт ба өөрчлөлтүүд
3.4.1. Бид API-ийн дараагийн хувилбаруудыг гаргах бөгөөд танаас тэдгээр хувилбаруудыг ашиглахыг шаардаж болно. API-ийн дараагийн хувилбар гарснаас хойш түүнийг үргэлжлүүлэн ашиглах нь та түүнд оруулсан өөрчлөлтүүдийг зөвшөөрсөнд тооцно.
3.4.2. Та манай шинэчилсэн API-г ашиглахын тулд өмнөх бүх хувилбаруудыг хэрэглэхээ зогсооно.
3.4.3. Бид API-ийнхаа аль нэг хэсгийг, түүнчлэн API-ээр дамжуулан хандах боломжтой аливаа үйлчилгээ, мэдээлэл, онцлог, функцийг өөрчлөх, түр зогсоох, дуусгавар болгох, бүр мөсөн зогсоох эрхтэй. Бид Telegram сувгууд болон Vanilla форум дээр долоо (7)-гоос доошгүй хоногийн өмнө ийм өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, цуцлах, зогсоох талаар мэдэгдэхийг эрмэлзэнэ.
3.4.4. Манай шинэчлэгдсэн API нь өмнөх шууд хувилбартайгаа нийцтэй байх нь бидний зорилго хэдий ч бид үүнд баталгаа өгөхгүй бөгөөд шинэчилсэн API өмнөх аливаа хувилбартай нийцэхгүйгээс үүдэн гарах аливаа үр дагаварт ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй.
4. Баталгаа ба хариуцлагын зохицуулалт
4.1. Та өөрийн Аппликэйшнийг ашиглах, хуулбарлах, дамжуулах, хуулж авах, олон нийтэд харуулах, олон нийтэд ашиглуулах болон түгээх эрхтэй. Үүнд манай вэбсайтаас гаралтай эсвэл манай API-ээр дамжуулан хандах боломжтой агуулга хамаарахгүй.
4.2. Та манай API-г ашиглах эрсдэлийг өөрөө хариуцна. Та манай API-г ашиглах эсвэл түүнд хандахтай холбоотойгоор учирч болзошгүй аливаа хохирлыг бүрэн өөрөө хариуцах бөгөөд бүх эрсдэлийг өөрөө үүрнэ.
4.3. ерөнхий нөхцөлд заасан хариуцлагын зохицуулалтаас гадна дараахыг анхаарна уу:
4.3.1. Манай API дээр нийтлэгдсэн эсвэл түүгээр дамжуулан өгсөн мэдээлэл, үнэ, эсвэл API-ийн алдаа, дутагдлын улмаас гарсан аливаа алдагдал, хохиролд бид хариуцлага хүлээхгүй.
4.3.2. Манай API дээр нийтлэгдсэн эсвэл түүгээр дамжуулан өгсөн мэдээлэлд үндэслэн хийсэн захиалга, хөрөнгө оруулалтын шийдвэр эсвэл гуравдагч талын худалдан авалт, үйлчилгээ (санхүүгийн хэрэгсэл, валют зэрэг) худалдан авалтаас үүдэн гарах аливаа хариуцлагыг бид хүлээхгүй.
5. Санамж
5.1. Баталгаа өгөхгүй
5.1.1. API-г байгаа хэлбэрээр нь, тухайн үед боломжтой хэмжээнд ашиглаж болно. Гэхдээ найдвартай ажиллагаа, алдаагүй байх, таны зорилгод тохирох талаар ямар ч баталгаа өгөхгүй. Холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээнд, бид бүх төрлийн баталгаа, мэдэгдэл өгөхгүй. Үүнд (дараах зүйлсээр хязгаарлагдахгүй) худалдаанд тохирох байдал, тодорхой зорилгод нийцэх байдал, өмчлөх эрх, өгөгдлийн үнэн зөв байдал, аливаа эрх зөрчөөгүй байх зэрэг шууд бусаар ойлгогдох аливаа баталгааг багтаана.
5.1.2. Бид манай API тасралтгүй, алдаагүй ажиллана гэж баталгаа өгөхгүй. Тухайлбал манай API-ийн ажиллагаа нь засвар үйлчилгээ, шинэчлэлт эсвэл систем болон сүлжээний саатлын улмаас тасалдаж болзошгүй. Аливаа тасалдал эсхүл үйл ажиллагааны алдаанаас үүдэн учирсан аливаа хохиролд бид аливаа хариуцлага хүлээхгүй.
5.1.3. Бид манай API-ийн доголдол, хандах боломжгүй байдал эсхүл буруу ашиглалтын нөхцөлөөс үүдэлтэй аливаа хохиролд бид хариуцлага хүлээхгүй. Үүнд, зохисгүй төхөөрөмж ашиглах, интернэт үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой саатал, интернэтийн сүлжээний ачаалал эсхүл аливаа бусад шалтгаан орно.
5.2. Аюулгүй байдлын татгалзал
5.2.1. Та манай API-д хандах эсвэл түүнийг ашиглах замаар хийгдсэн аливаа гүйлгээ, харилцаа холбооны хяналт, ажиллагаа, аюулгүй байдалд зөвхөн та өөрөө хариуцна гэдгийг хүлээн зөвшөөрнө.
5.2.2. Интернетэд суурилсан гүйлгээний гүйцэтгэлийн арилжааны системийг ашиглахтай холбоотой эрсдэлүүд байдаг бөгөөд үүнд техник хангамж, програм хангамж болон интернэт холболтын доголдол зэрэг орно. Бид интернетээр дамжих дохионы хүч, хүлээн авалт, чиглүүлэлт, таны төхөөрөмжийн тохиргоо, холболтын найдвартай байдлыг хянахгүй болно. Манай API-г ашиглан интернетээр арилжаа хийх үед үүсэж болзошгүй аливаа харилцааны доголдол, тасалдал, алдаа, гажуудал эсхүл сааталд бид хариуцлага хүлээхгүй.
6. Нөхөн төлбөр
6.1. Дараах асуудлуудад зөвхөн та хариуцлага хүлээх бөгөөд эдгээрээс үүдэн гарч болзошгүй аливаа гуравдагч этгээдийн нэхэмжлэл, хохирол эсхүл шүүхийн маргаан (үүнд учирсан хохирол, алдагдал мөн шаардлагатай бол бидний хууль зүйн үндэслэлтэй зардал орно)-аас биднийг чөлөөлөн хамгаалах үүргийг та хүлээнэ:
6.1.1. Манай API-д эсхүл түүнтэй холбогдуулан ашиглагдаж буй аливаа хамгаалалтын төхөөрөмж, журам зэргийн аюулгүй байдлыг хангахад таны зүгээс гарсан аливаа алдаа;
6.1.2. Манай API, өгөгдөл, төхөөрөмж эсхүл баримт бичгийг бидэнд хамааралгүй зүйлтэй ашиглах, ажиллуулах эсхүл хослуулснаар хариуцлага үүсгэсэн тохиолдолд; мөн
6.1.3. Манай API-г ашигласан эсвэл ашиглаж чадаагүйгээс үүдэн гуравдагч этгээдээс гарч болзошгүй бүх нэхэмжлэл зэрэг байна.
7. Аюулгүй байдал
7.1. Хэрэв таны Аппликэйшнд аюулгүй байдлын асуудал эсвэл халдлага илэрвэл, та даруй бидэнд мэдэгдэх ёстой. Үүнийг Vanilla Community дээр сэдэв нээж эсвэл [email protected] хаяг руу имэйл бичиж мэдээлнэ.
7.2. Та аюулгүй байдлын ямар нэгэн дутагдлыг даруй засахын тулд бидэнтэй хамтран ажиллаж, аливаа халдлага эсвэл халдагчийг шууд зогсоох ёстой.
7.3. Аппликэйшн, API эсхүл манай вэбсайт дээрх болон API-ээр дамжин нэвтрэх боломжтой контенттой холбоотой аливаа аюулгүй байдлын алдаа эсхүл халдлага гарсан тохиолдолд, та манай урьдчилан бичгээр өгсөн илэрхий зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиолдолд олон нийтэд мэдэгдэл (түүнд хэвлэл мэдээлэл, блог, сошиал медиа, самбар гэх мэтээр дамжуулах үйлдэл хамаарна) хийхгүй.
8. Дуусгавар болгох
8.1. Аливаа цаг үед, ямар нэгэн шалтгаантай эсхүл шалтгаангүйгээр, бид өөрийн бүрэн эрхийн хүрээнд таны манай API-г ашиглах эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцалж болно.
8.2. Хэрэв бид 8.1 дүгээр заалтад заасан эрхээ хэрэгжүүлбэл, эдгээр API-н нөхцөлөөр танд олгогдсон бүх эрх, тусгай зөвшөөрлийг нэн даруй дуусгавар болно. Та манай API-г ашиглах бүх үйлдлээ нэн даруй зогсоохыг зөвшөөрч байна.